урсдаг зар

хөдөө талын үзэсгэлэн

хөдөө талын  үзэсгэлэн

Эхийн тухай шүлэгнүүд

                    Эхийн тухай шүлэгнүүд

Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн
Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын
Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь
Би би…. хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
Уулын чулууг
Ус руу шидлээ
Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
Ижийгээ саналаа…
Илдний хугархай шиг
Оргилын тэр чулууг
Эрхиний шүр шиг болоход
Ижийгээ би олно…
Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм
Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм
Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм
Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм
Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм
Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм
Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм
Нарны туяа наадсан хилэн хархан байсийм
Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм
Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм
Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм

                                   Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа
Бурхан минь таниас нэг зүйл гуйя
Бүтэхгүй гэж битгий хэлээрэй гуйя
Буурал хорвоод ганцхан удаа би
Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна
Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан
Тэвэрч үлдсэн аавдаа би хоёрхон сартай байсан
Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч
Энэ бие минь түүнийг яаж мэдэх билээ
Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг
Эхийн адил уянгалаг аялдагсан бол
Энэ бие минь хүссэн дуугаа
Эцгээсээ сонсчих байсан даа хөөрхий
Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч
Би мэдсэн хирнээ гуймаар байна
Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа
Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна
                
                 Б.Лхагвасүрэн :                           Цэцгэн эрхи
Ээжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны үргэлжлэл

          Ц.Хулан:                            Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! 
 Р.Чойном Ээжийн тухай шүлэг
Зүүн зүгийн уулыг харахаар, ээжийгээ би бодохым
Зүсний үрчлээ, сэтгэлийн агуу нь энэ л уул шиг санагдахым
Зүдрэл ихтэй амьдралын, жаран оныг гэтлэхдээ
Зүрх нь хайлан зөөлөрсөн ижий минь сайн болов уу
   Хүний амьдралын зам, уртаас уртыг туулахдаа
Хүү надаасаа өөр, зовлонг тоотой амссан
Мичид шиг зургаан мөртэй, цолмон шиг гэгээн ээж минь
Миний од минь хаана байна гэж, зовон зовон суугаа даа
Өнөр дэлхийн амьдрал тэгширнээ гэж байдаггүй
Өдөр шөнө хоёр шиг цэнгэл зовол хослох юм
Өнөр түмнээ цэнгүүлэх шүлэгчийг төрүүлэхдээ та
Өөрийгөө зовоох зовлонг хамт төрүүлжээ ижий минь

Ээжээс зүүдэнд ирсэн захидал
Холын замд яваа хонгорхон хүү минь ээ
Амрах заяагүй тэнэсэн алагхан үр минь ээ
Умрын цэнхэр хангайд уйлж явна уу, дуулж явна уу
Улаанбаатарын шуугиан дунд унаж явна уу, сэхэж явна уу

Ирсэн захиаг чинь үзвэл ижийгээ зовно гээ юм уу
Бие сайн гэсэн байх юм, би уугаагүй ээ гэсэн байх юм
Ууж хөлчүүрч байгааг чинь зүүдээрээ би үзсээр байна
Унаж шартаж байгааг чинь зөнгөөрөө би мэдсээр байна
 
Уу л даа миний хүү уу
Улаанбаатарт биш энд  
Уухдаа ээжийнхээ дэргэд уу
 Унасан ч чамд амар шүү дээ үр минь
Согтоод ээжийгээ шахсан дугарааг чинь
 Солгой гар дахь шилэндээ юүлсээр
Маргааш өглөө шарыг чинь тайлж
Махтай бантан хийж өгөхөд

Багадаа чихэр аваад инээдэг шигээ
Баярладаг биш үү миний хүү
Байтлаа одоо юунд зугатаагаав
Балгалаа гэж намайг зэмлэнэ гээ юу
 
Зохиолч гээд хүн бүхэн магтаж
Зоргонд нь согтоогоод шоолж байхад
Зовохдоо ээж нь зэмлэдэг юм
Зовлонг чинь би мэднээ

Анх чамайг бүүвэйлэхдээ би
Архиар биш хөхнийхөө сүүгээр
Амлуулаж байсан эхийн хувьд
Аашлах өдөр байлгүй л яахав

Тэгэхдээ би хүүгийхээ хүслийг
Тэмцүү дүүрэн байгаасай гэж
Нүгэл бүхэнтэй чинь эвлэрч
Нүдээ ч өгөхөөс буцахгүй шүү үр минь ээ

Ээждээ ир, бушуухан ир
Энд хот газраас дутах юмгүй
Эсэглэн ундаан, сайн хоол
Эрхэм сайн нөхөд ч байна

Хонгор хүү минь чи одоо болтол
Хорвоогийн хамаг сайн нөхөд
Хотод л би гэж бодож
Хотойж бодож явдаг юм биш биз
 
Шагналын чинь мөнгийн буухад
Шаазгай шиг шуугин цуглаад
Мөнгийг чинь дуусах сацуу
Мөндөр шиг арилж, солонго татдаг

Овоо гэгдээд мандаж явахад чинь
Орчлон дээр ганцхан чамайг л гэдэг
Осол гараад буурах үед чинь
Огт бид үерхэж яваагүй ээ гэлцдаг

Хаврын тэнгэр шиг тийм нөхөд
Хаанаас ч олдоно шүү дээ үр минь
Хань нөхөд бол мөнгө биш
Ханш өртөг гэж байх ёсгүй

Хөдөөнийхэн маань бол яахав дээ
Хөл хөөрцөг болж жүжиглэж чаддахгүй
Хөрвөл халдаггүй, халвал хөрдөггүй
Хөрслөг чанарлаг улс шүү дээ

Алагхан үр минь ир дээ, ир
Аагтайхан сархадаа уу даа, уу
Азай буурал ээжийгээ зовоохоор
Аль дураараа дургинхан дургин жаргаж үз дээ үр минь


Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла

No comments:

Post a Comment